Аливаа биеийн ачааллын дараа эсвэл бэлтгэл сургуулилтын дараа булчин зангирах, бие булрах асуудалтай хүн болгон тулгарч байдаг. Шалтгаан нь янз бүр байх ба гэмтлийн бус шалтгаантай бол өвдөлт хэд хоногийн дараа өөрөө арилна.
Биеийн ачааллын дараа булчин зангирч өвдөх нь дараах 3 шалтгаантай:
- Гэмтэл, бэртэл.
- Булчинд лактат буюу сүүн хүчил хуримтлагдах.
- Булчингийн эдийн бичил гэмтэл.
Хэрвээ бэлтгэлийн үеэр гэмтэл авсан бол өвдөлт нь цочмог байх ба гэмтсэн даруйд өвдөлт илэрдэг. Энэ үед заавал гэмтлийн эмчид хандах ёстой.

2 дахь төрлийн өвдөлт нь сүүн хүчил хуримтлагдсантай холбоотой ба бие халаалт болон ерөнхий дасгалуудыг хийх үеэр илэрч болно. Ихдээ 30-60 минут үргэлжилдэг. Бие махбодод хүчил төрөгч дутагдаж анаэроб буюу агааргүй нөхцөлд энэрги үүсэх процесс явагдах үед сүүн хүчлийн молекулууд хуримтлагдаж эхэлнэ. Сүүн хүчил хуримтлагдаж эхлэхийн зэрэгцээ булчин халуу дүүгэх ба Лактат гадагшилж эхлэх үед өвдөлт болон булчин халуу дүүгэх мэдрэмж үгүй болно.
3 дахь төрлийн өвдөлт буюу бие булрах нь дасгал хийснээс 12-24 цагийн дараа илэрдэг. Өвдөлтийн шалтгаан нь булчинд олон тооны бичил гэмтлүүд үүссэнтэй холбоотой. Гэмтсэн булчингийн ширхгүүд задрах ба задралын эцсийн бүтээгдэхүүнүүд өвдөлтийн рецепторуудыг (мэдрэлийн хүлээн авагч) цочроосноор өвдөх мэдрэмж төрдөг. Эдгээр бичил гэмтлүүдийг үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан бол ачаалал авсан булчингууд гадны хүчний нөлөөгөөр сунах юм. Фитнес, бодибилдинг энэ төрлийн дасгалуудаар элбэг.
Ямар тохиолдолд бие булрах вэ?
- Анх удаа фитнесээр хичээллэх үед.
- Бэлтгэл, сургуулилт удаан хугацаанд завсардах.
- Өөр төрлийн идэвхтэй байдалд шилжих.
- Байнга хийдэг дасгалын тоо, давтамж, эрчмийг нэмэх үед.
Үргэлжлэх хугацаа 5-7 хоног байх ба булчингууд хэт мэдрэг болж хөдөлгөөн бага зэргийн хязгаарлагдмал болдог. Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш юм. Булчингууд бэхлэгдэж, дасан зохицох ба ачаалал даах чадвар нэмэгдэж байгаагийн шинж байдаг. Иймээс дараа дараагийн дасгалуудыг хийх үед өвдөх мэдрэмж илүү багассан байх болно.

Биеийн ачааллын дараах эдгээр 3 төрлийн өвдөлтөөс зайлсхийхийн тулд бэлтгэл сургуулилтыг зөв төлөвлөж, дэс дараалалтай хийх ёстой. Бэлтгэлийн эхэн үед зайлшгүй бие халаалт хийх ба булчин шөрмөс, үе мөчүүдийг халаана.
- Алхах
- Хөнгөн гүйх
- Сунгалтын дасгал
- Үе мөчний далайцтай халаах дасгалууд
Бие халаах дасгалыг үндсэн бэлтгэлийн эхэн үед хийдэг бол үндсэн дасгалын дараа бие хөргөх дасгал хийх нь мөн бие булрах үеийн өвдөлтийг бууруулж өгдөг. Энэ нь булчингийн зангиралтыг багасгаж булчин задарсны дараах эцсийн бүтээгдэхүүнийг биеэс хурдан гадагшлуулах процессийг хурдасгана гэсэн үг юм. 10-15 минут үргэлжилнэ.
Бие булрах үед маш хүчтэй өвдөж 5-7 хоногийн хугацаанд өдөр тутмын амьдралын идэвхэд нөлөөлж байвал дараах арга хэмжээг авна.
- Буларсан хэсэгт иллэг хийх. Энэ нь буларсан хэсгийн цусны эргэлтийг сайжруулснаар үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Халуун усанд хэвтэх, саунд орох. Энэ нь зангирсан булчинг маш сайн суллаж өгөх ба булчинд явагддаг бодисын солилцоог хурдасгадаг.
- Өвчин намдаах болон үрэвслийн эсрэг наалт наах.
- Уух усны хэмжээг нэмэгдүүлэх. Энэ нь өвдөлт үүсгэдэг булчингийн задралын эцсийн бүтээгдэхүүнийг биеэс түргэн гадагшлуулдаг.
- Булчингийн ширхгүүд нөхөн төлжих хүртэл хөдөлгөөний идэвхийг хязгаарлах.
Эх сурвалж: Боль в мышцах после тренировок: почему болят мышцы и как этого избежать | MedAboutMe