Агуулга
Цус бүлэгнэлт гэж юу вэ?
Цус бүлэгнэлт нь цусны эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо наалдаж, судсанд бөглөрөх үед үүсдэг гель хэлбэртэй зүйл юм. Энэ нь судаснуудын дотор болон гадна талд биеийн бүх хэсэгт үүсч болох бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан аюултай эсвэл ашиг тустай ч байж болно.
Цус бүлэгнэлт нь гэмтсэн судсыг битүүмжлэн цус алдалтыг зогсооход тусалдаг тул гэмтлийн хариуд үүссэн тохиолдолд ашигтай байдаг. Ялангуяа хүний бие шалбарахад бүлэн үүсч цусыг тогтоож их хэмжээгээр цус алдах эрсдлээс сэргийлдэг.
Харин гэмтлийн бус тохиолдолд цусны бүлэгнэлт нь цусны судаснуудын дотор үүсдэг бөгөөд энэ нь бүр амь насанд ч аюултай байж болно. Жишээлбэл, авто ослын дараа тархинд бүлэгнэл үүсч тархины цусан хангамж муудснаар амь насанд аюул учруулах магадлалтай байдаг.

Цус бүлэгнэлтийн шинж тэмдэг
Цусны бүлэгнэлтийн шинж тэмдэг нь цусны бүлэгнэл нь биеийн хаана байрлаж байгаагаас хамаарч өөр өөр байж болно.
- Гар хөл дээр үүссэн цус бүлэгнэлт үүсэхэд: гэмтсэн хэсэгт хавдах, улайх, халуу дүйгэх, өвдөлт эмзэглэлт мэдрэгдэх, арьсны өнгө ягаан, цэнхэр болж өөрчлөгдөх
- Тархинд цусны бүлэгнэлт үүсэхэд нүдний хараа өөрчлөгдөх, таталт өгөх, хэл ярины бэрхшээл үүсэх, бие сульдах, биеийн аль нэг тал мэдээ алдах
- Зүрхэнд цусны бүлэгнэлт үүсэхэд амьсгал давчдах, хэт их хөлрөх, цээжээр өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, ухаан алдах
- Хэвлийгээр цусны бүлэгнэлт үүсэхэд хэвлийгээр хүчтэй өвдөх, суулгаж, бөөлжих, өтгөн цустай гарах
- Уушгинд цусны бүлэгнэлт үүсэхэд, цээжээр хүчтэй өвдөх, цустай ханиалгах, хөлрөх, амьсгалахд хүндрэлтэй болох, халуурах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно
Гэвч зарим тохиолдолд цусны бүлэгнэл нь шинж тэмдэггүй байж болох талтай. Хэрэв та өөрийгөө цусны бүлэгнэлтэй гэж сэжиглэж байгаа эсвэл осол гэмтэлд өртөөд эмнэлэгт хандаагүй бол хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Цусны бүлэгнэлийн хүндрэлүүд
Таны биеийн аль ч судсанд цусны бүлэгнэл үүсч болно. Хэрэв энэ нь задарч, цусаар дамжин тархвал уушиг, зүрх, тархи эсвэл биеийн бусад хэсэгт хүрч болно. Ингэснээр гол эрхтнүүдийн цусны урсгалыг алдагдуулж ноцтой хүндрэлд хүргэдэг. Үүний үр дүнд зүрхний шигдээс, цус харвалт үүсч болно. Бусад болзошгүй хүндрэлүүд нь:
Уушигны эмболи
Уушиг руу орсон цусны бүлэгнэл нь уушигны артери бөглөрөхөд хүргэдэг бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч, уушиг, зүрх болон бусад эрхтнийг гэмтээж болно. Энэ хүндрэл нь амь насанд хүртэл аюул учруулж болно.
Бөөрний дутагдал
Бөөрөнд үүссэн цусны бүлэгнэл нь бөөрийг гэмтээж, улмаар бөөрний дутагдалд хүргэх эсвэл цусны даралт ихсэх зэрэг хүндрэлийг бий болгодог.
Гүнийн венийн судасны тромбоз (DVT)
Гар эсвэл хөлний судсанд нөжрөл үүсэх үед гүнийн Венийн судасны тромбоз үүсдэг. Эдгээр нь голомтод шинж тэмдэг илэрч болох боловч цусны бүлэгнэл задарч, уушиг руу орвол ноцтой хүндрэл үүсгэдэг.
Жирэмсний хүндрэл
Жирэмсэн үед үүсдэг цусны бүлэгнэл нь ихэвчлэн аарцаг эсвэл доод мөчдийн судсанд үүсдэг. Энэ нь уушигны эмболи болон түүнтэй холбоотой хүндрэлүүд, мөн дутуу төрөлт, үр зулбах, эхийн эндэгдэл үүсэх эрсдэлийг бий болгодог.

Цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлэх
Дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлж болно. Долоо хоногт 4-5 өдөр дор хаяж 30 минутийн турш хөнгөн дасгал хийх хэрэгтэй.
Шингэн юм уух
Цусаа хэт өтгөрөхөөс сэргийлж өдөрт их хэмжээний шингэн зүйл сайн ууж цусаа шингэлж байх хэрэгтэй.
Эрүүл жингээ хадгалах
Илүүдэл жинтэй эсвэл таргалалт нь цусны бүлэгнэлтийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөнөөр эрүүл жингээ барих нь чухал юм.
Тамхинаас гарах
Тамхи татах нь цусны судсыг гэмтээж, цусны бүлэгнэлтийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул тамхинаас гарах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
Цус бүлэгнэлтийн эсрэг эм уух
Хэрэв та цусны бүлэгнэлтийн өндөр эрсдэлтэй бол цус бүлэгнэлтийн эмийг эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй.