Шээс задгайрах гэдэг нь – давсагаа удирдах чадвар алдагдахыг – хэлэх ба элбэг тохиолддог, санаа зовоосон асуудал юм. Энэ нь хааяа ханиалгах болон найтаах үед шээс гоожихоос эхлээд гэнэт шээс ихээр хүрж, угаалгын өрөө орох завдалгүй шээх байдлаар илэрдэг. 

Хэдийгээр энэ нь ахимаг насныханд элбэг тохиолддог ч, шээс задгайрал нь хөгшрөлттэй холбоотой заавал үүсдэг өөрчлөлт биш юм. Хэрвээ шээс задгайрал таны өдөр тутмын ажил амьдралд саад болж байвал эмчид үзүүлэхээ бүү хойшлуулаарай. Ихэнх хүмүүсийн хувьд, энгийн амьдралын хэв маяг ба хооллолтын өөрчлөлт юмуу эмийн эмчилгээ нь шээс задгайрлын зовуурийг арилгаж болдог.

Шээс задгайрах гэж юу вэ

Шээс задгайрах шинж тэмдэг

Олон хүмүүст бага хэмжээний шээс алдалт тохиолдож байдаг. Бусад хүмүүс багаас дунд зэргийн хэмжээгээр, илүү ойр шээс алдаж байж болдог.

Шээс задгайрлын төрлүүд:

  • Стрессийн шээс задгайрал. Та давсагтаа даралт үзүүлэхэд буюу ханиалгах, найтаах, инээх, дасгал хийх юмуу хүнд зүйл өргөхөд шээс алдахыг хэлнэ.
  • Хойшлуулшгүй шээс задгайрал. Гэнэт маш их шээс хүрч, өөрийн мэдэлгүй шээс алдах. Та ойр ойрхон шээх хэрэгтэй болдог, жишээ нь шөнийн цагаар. Хойшлуулшгүй шээс задгайрал нь халдвар зэрэг жижигхэн нөхцлөөс эсвэл мэдрэлийн эмгэг юмуу чихрийн шижин зэрэг илүү ноцтой нөхцлөөс үүсч болдог.
  • Хальсан шээс задгайрал. Давсаг бүрэн хоосрохгүйгээс шалтгаалан олон удаа эсвэл тогтмол шээс гоожихыг хэлнэ.
  • Үйл ажиллагааны шээс задгайрал. Биеийн эсвэл оюуны бэрхшээлийн улмаас цагт нь угаалгын өрөө орж чадахгүй байх. Жишээ нь, хэрвээ үений хүнд зэргийн үрэвсэлтэй бол өмдний товчийг хангалттай хурдан тайлж чадахгүй байдаг.
  • Хавсарсан шалтгаант шээс задгайрал. Нэгээс олон төрлийн шээс залгайрал илрэх – хамгийн элбэг илэрдэг нь стрессийн шээс задгайрал ба хойшлуулшгүй шээс задгайрал хавсарч илэрдэг.

Эмчид хэзээ үзүүлэх вэ?

Та шээс задгайрлын талаар эмчтэйгээ ярилцахад таагүй санагдаж байж болно. Гэхдээ хэрвээ шээс задгайрал олон удаа илэрч байвал эсвэл амьдралын чанарт нөлөөлж байвал, эмчийн зөвлөгөөг авах нь чухал юм. Учир нь шээс задгайрал нь дараах нөлөөг үзүүлж болно:

  • Таныг аливаа арга хэмжээнд орохыг хязгаарлах, нийгмийн харилцааг хязгаарлах
  • Таны амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх
  • Ахимаг наснхыан угаалгын өрөөрүү яарч яваад унаж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Илүү ноцтой суурь нөхцлийг сануулдаг
Шээс задгайрах шалтгаан

Шээс задгайрах шалтгаанууд

Шээс задгайрал нь өдөр тутмын дадал, суурь эмгэгээс эсвэл бие махбодын асуудлаас  шалтгаалж үүсч болдог. Эмчид үзүүлэх нь шээс задгайрлын ард ямар шалтгаан байгааг илрүүлэхэд тусалдаг.

Хэсэг хугацааны шээс задгайрах

Зарим уух зүйлс, хүнс, ба эмүүд нь шээс хөөх нөлөө үзүүлж болдог –  давсгийг сөдөөж, шээсний эзлэхүүнийг нэмэгдүүлдэг. Эдгээрт:

  • Алкохол
  • Каффейн
  • Хийжүүлсэн ундаа, хийжүүлсэн ус
  • Нэмэлт амт оруулагч
  • Шоколад
  • Халуун чинжүү
  • Халуун ногоо, чихэр, хүчиллэг ихтэй хүнс, ялангуяа цитрусийн жимснүүд
  • Зүрхний ба артерийн даралтны эмүүд, тайвшруулах эмүүд болон булчин суллах эмүүд
  • С витамин өндөр тунгаар хэрэглэх

Шээс задгайрал нь мөн амархан эмчилж болох эмгэгүүдээс шалтгаалж үүсч болдог, жишээ нь:

  • Шээсний замын халдвар. Халдвар нь давсгийг цочроож, шээс ихээр хүргэдэг ба зарим үед шээс задгайралд хүргэдэг
  • Өтгөн хаталт. Шулуун гэдэс нь давсагтай ойр байрладаг ба олон мэдрэл энэ хоёрыг хамтад нь мэдрэлжүүлж байдаг. Шулуун гэдсэн хатуу, нягт баас байх үед эдгээр мэдрэлүүд хэт идэвхжиж, олон удаа шээхэд хүргэдэг.

Байнгын шээс задгайрах

Шээс задгайрал нь мөн байнга илэрч болох ба энэ үед бие махбодын асуудал эсвэл дараах өөрчлөлтүүдээс шалтгаалдаг

  • Жирэмслэлт. Дааврын өөрчлөлт ба ургийн жин нэмэгдэх нь стрессийн шээс задгайралд хүргэж болно.
  • Хүүхэд төрүүлэх. Төрөх замаар хүүхэд төрүүлсэн тохиолдолд давсгийг удирддаг булчингууд суларч болдог ба давсагны мэдрэл болон бэхлэгч эдүүдийг гэмтээн, бага аарцгийн ёроолыг унжуулж болдог. Унжих үед, давсаг, умай, шулуун гэдэс эсвэл нарийн гэдэс нь хэвийн байрлалаас доош татагдаж, үтрээрүү шахаж очдог. Энэ шахалтын үед шээс задгайрал үүсч болно.
  • Насны өөрчлөлт. Нас ахих үед давсаг шээсийг хадгалах багтаамж багатай болж болдог. Мөн, өөрийн мэдэлгүй давсаг чангарах нь нас ахих тусам илүү олон тохиолддог болдог. 
  • Цэвэршилт. Цэвэршилтийн дараа, эмэгтэйчүүдэд давсаг ба шээсний сүвийн ханыг эрүүл байлгахад тусалдаг эстроген даавар үүсэх нь багасдаг. Эдгээр эдүүд гэмтэх нь шээс задгайрлыг даамжруулж болдог.
  • Түрүү булчирхайн томрол. Ялангуяа ахимаг насны эрчүүдэд, шээсний задгайрлын гол шалтгаан нь түрүү булчирхайн томрол (түрүү булчирхайн хоргүй хавдар) байдаг. 
  • Түрүү булчирхайн хорт хавдар. Эрэгтэйчүүдэд, стрессийн шээс задгайрал эсвэл хойшлуулшгүй шээс задгайрал нь түрүү булчирхайн хорт хавдраас шалтгаалж байж болдог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээний гаж нөлөө нь шээс задгайрал байдаг.
  • Бөглөрөл. Шээсний замын хаа нэгтээ байрлах хавдар шээсний хэвийн урсгалыг бөглөж болох ба, хальсан шээс задгайралд хүргэж болдог. Шээсний чулуу – давсагт хатуу, чулуу төст масс үүсэх – заримдаа шээс алдалт үүсгэдэг.
  • Мэдрэлийн эмгэгүүд. Тархмал хатуурал, Паркинсоний өвчин, харвалт, тархины хавдар эсвэл нугасны гэмтлийн үед давсагийг удирддаг мэдрэлийн дохионд саад учруулснаас шээс задгайрал үүсгэж болдог.

Хүндрэл

Архаг шээс задгайрлын хүндрэлүүдэд:

  • Арьсны асуудлууд. Арьс тогтмол нойтон байснаас тууралт, арьсны халдвар ба шархлаа үүсч болно.
  • Шээсний замын халдвар. Шээс задгайрал нь шээсний замын халдвар давтан үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Амьдралын чанарт нөлөөлөх нь. Шээс задгайрал нь таны олон нийтийн, ажлын болон хувийн харилцаанд нөлөөлж болдог.

Шээс задгайрахаас урьдчилан сэргийлэх

Шээс задгайрал үүсэхээс бүрэн сэргийлэх боломж байдаггүй. Гэсэн хэдий ч,эрсдэлийг бууруулахад туслахын тулд:

  • Хэвийн жингээ хадгалах
  • Бага аарцгийн ёроолын дасгал буюу кегелийн дасгал хийх
  • Давсгийг цочроогчид буюу каффейн, алкохол ба хүчиллэг хүнснээс зайлсхийх
  • Илүү эслэгтэй хүнс хэрэглэх, энэ нь өтгөн хаталт үүсэхээс сэргийлнэ (шээс задгайрлын нэг шалтгаан). 
  • Тамхинаас татгалзах, хэрвээ тамхи татдаг бол тамхинаас гарахад туслалцаа хүсэх.