Сэтгэл гутрал буюу Депресс гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга
Сэтгэл гутрал гэж юу вэ

Сэтгэл гутрал нь сэтгэл хөдлөл тогтмол буурч, хөдөлгөөний хомсдол, сэтгэн бодох чадвар буурах зэргээр илэрдэг сэтгэцийн эмгэг юм. Үүсэх шалтгаан нь сэтгэцийн гэмтэл, бие махбодийн өвчин, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, тархины бодисын солилцооны эмгэг, хурц гэрлийн дутагдал (улирлын шалтгаант сэтгэл гутрал) байж болно. Энэ эмгэг нь өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, нийгэмд дасан зохицох, дадал зуршил, өөрийн амьдрал, эргэн тойрон дахь үйл явдлуудад сонирхолгүй болох зэрэг шинж тэмдгүүд дагалддаг. Оношийг зовиур, өвчний анамнез, тусгай шинжилгээний үр дүн, сэтгэцийн сорил, нэмэлт судалгааны үндсэн дээр тогтоодог.

Сэтгэл гутрал /Депресс/ нь сэтгэлийн хямрал, сөрөг бодол, хөдөлгөөн удаашрах зэргээр тодорхойлогддог аффектив буюу идэвхигүй хэлбэрийн сэтгэцийн эмгэг юм эмгэг юм. Энэ бол хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэг. Сүүлийн үеийн судалгаагаар амьдралынхаа туршид сэтгэл гутралд орох магадлал 22-33% байна. Эдгээр тоо баримт нь зөвхөн албан ёсны статистикийг тусгасан гэдгийг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байна. Энэ эмгэгээр өвчилсөн зарим өвчтөнүүд эмчид огт очдоггүй, эсвэл хоёрдогч болон дагалдах эмгэгүүд үүссэний дараа л мэргэжлийн эмчид ханддаг.

Өсвөр нас болон амьдралын хоёр дахь хагаст өвчлөлийн оргил үе тохиолддог. 15-25 насны сэтгэл гутралын тархалт 15-40%, 40-өөс дээш насныхан – 10%, 65-аас дээш насныхан – 30% байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс 1,5 дахин илүү өртдөг. Сэтгэцийн эмгэг нь бусад сэтгэцийн эмгэг, бие махбодийн өвчний явцыг улам хүндрүүлж, амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлж, архидалт, мансууруулах бодист донтох, мансууруулах бодис хэрэглэхийг өдөөдөг нь тогтоогддог. Сэтгэл гутралыг сэтгэцийн эмч, сэтгэл засалч, клиник сэтгэл судлаач эмчилдэг.

Сэтгэл гутралын шалтгаанууд

1.    Сэтгэл гутралын шалтгаануудын 90 орчим хувь нь сэтгэлзүйн цочмог гэмтэл эсвэл архаг стресс байдаг. Сэтгэлзүйн гэмтлээс үүдэлтэй сэтгэл гутралыг реактив сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Реактив эмгэг нь гэр бүл салалт, хайртай хүнийхээ үхэл, хүнд өвчин, тахир дутуу болох, өвчтөн өөрөө хүнд өвчтэй байх, ажлаас халагдах, ажил дээрээ зөрчилдөөн гаргах, тэтгэвэрт гарах, дампуурал, материаллаг аюулгүй байдлын түвшин огцом буурах, гэр орон өөр газарлуу шилжих гэх мэт зэргээс үүдэлтэй.

2.    Зарим тохиолдолд хамгийн чухал зорилгодоо хүрсэн үед сэтгэл гутрал үүсдэг. Мэргэжилтнүүд ийм тохиолдлыг амьдралдаа өөр зорилгогүйгээс болж амьдралын утга учраа гэнэт алддаг гэж тайлбарладаг.

3.    Эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс, ахимаг насны хvмvvс залуу хvмvvсээс илvv олон удаа сэтгэцийн хямралд ордог. Бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд нийгмийн хэмжүүрийн “хэт туйл” (баян ба ядуу), стрессийг тэсвэрлэх чадваргүй байх, өөрийгөө үнэлэх чадваргүй байх, өөрийгөө буруутгах хандлага, гутранги үзэл бодол, эцэг эхийн болон гэр бүлийн таагүй байдал, бага насанд хүүхдийн хүчирхийлэлд өртөх (бие махбодийн болон сэтгэлзүйн гэмтэл), эцэг эхээ эрт алдах, удамшлын урьдал нөхцөл байдал (хамаатан эсвэл ойр дотны хүн нь сэтгэлийн хямралд орох, мэдрэлийн эмгэгт өртөх, хар тамхинд донтох, архидах), гэр бүл нийгэмд дэмжлэг үзүүлэхгүй байх зэрэг орно.

  1. Гормоны өөрчлөлтийн үндсэн дээр үүссэн физиологийн өөрчлөлт нь дотоод шалтгаант ба сэтгэлзүйн шалтгаант хямрал үүсэх магадлалыг нэмэгдүллдэг: өсөлт хөгжил, төрсний дараа, цэвэршилтийн үед г.м. Эдгээр үе шатууд нь бие махбодийн нэгэн төрлийн сорилт юм – энэ хугацаанд бүх эрхтэн, тогтолцооны үйл ажиллагаа өөрчлөлтөнд ордог бөгөөд энэ нь бие махбодийн, сэтгэлзүйн, сэтгэл хөдлөлийн бүх түвшинд илэрдэг. Дааврын бүтцийн өөрчлөлт нь ядрах, ажлын гүйцэтгэл буурах, ой тогтоолт буурах, анхаарал сулрах, цочромтгой болох, сэтгэл хөдлөл буурах зэрэг шинж тэмдгүүд дагалддаг. Эдгээр шинж чанарууд нь өсч томрох, хөгшрөх, эсвэл эмэгтэй хүн эх хүн болсноор шинэ үүрэг хариуцлагыг хүлээх сэтгэлзүйн өөрчлөлтөнд орсонтой холбоотойгоор сэтгэл гутрал бий болход түлхэц болдог.

5. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол тархины гэмтэл болон биэ махбодийн өвчин юм. Статистик мэдээллээс харахад цус харвалттай өвчтөнүүдийн 50% -д, тархины судасны архаг дутагдалтай өвчтөнүүдийн 60% -д, тархины гэмтэлтэй өвчтөнүүдийн 15-25% -д эмнэлзүйн ач холбогдолтой аффектив эмгэгүүд илэрдэг. Гавал тархины гэмтлийн үед сэтгэл гутрал нь ихэвчлэн удаан хугацааны дараа (гэмтэл авснаас хойш хэдэн сар эсвэл жилийн дараа) илэрдэг.

6. Мэргэжилтнүүд сэтгэл хөдлөлийн эмгэгийг өдөөдөг соматик буюу бие махбодийн өвчнүүдийн дунд зүрхний титэм судасны өвчин, зүрх судасны болон амьсгалын замын архаг дутагдал, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, гуурсан хоолойн багтраа, ходоод, арван хоёр хуруу гэдэсний шарх, элэгний хатуурал, ревматоид артрит (олон үений хэрэх өвчин), ДОХ (AIDS), хорт хавдар болон бусад зарим өвчнүүдийг тэмдэглэж байна. Нэмж дурдахад сэтгэл гутрал нь архидалт, хар тамхинд донтох үед ихэвчлэн тохиолддог бөгөөд энэ нь бие махбодийн архаг хордлоготой холбоотой.

Сэтгэл гутралын шалтгаан

Сэтгэл гутралын төрлүүд

  • Эмнэлзүйн (Их хүрээний) сэтгэл гутрал- сэтгэл зүйн байдал тогтмол буурах, ядрах, эрч хүчээ алдах, аливаа зүйлд сонирхол буурах, таашаал авах чадваргүй болох, нойр, хоолны дуршил буурах, одоо ба ирээдүйг гутранги төсөөлөх, өөрийгөө буруутгах, амиа хорлох бодол, эрмэлзэл эсвэл үйлдэл хийх гэх шинж тэмдгүүд дагалддаг. Шинж тэмдгүүд нь хоёр ба түүнээс дээш долоо хоног үргэлжилдэг.
  • Бага хүрээний сэтгэл гутрал- эмнэлзүйн зураглал нь том сэтгэл гутралын шинж тэмдэгтэй таардаггүй ба афферент эмгэгийн хоёр ба түүнээс дээш шинж тэмдэг хоёр ба түүнээс дээш долоо хоног үргэлжилдэг.
  • Атипик сэтгэл гутрал- сэтгэл хямралын илрэлүүд нь нойрмоглох, хоолны дуршил нэмэгдэх, сэтгэл хөдлөлийн дахилтат шинж чанартай байдаг.
  • Төрсний дараах сэтгэл гутрал- хүүхэд төрсний дараа үүсдэг сэтгэл хөдлөлийн эмгэг юм.
  • Дахилтат сэтгэл гутрал- эмгэгийн шинж тэмдгүүд нь сард нэг удаа илэрдэг бөгөөд хэдэн өдрийн турш үргэлжилдэг.
  • Дистими- эмнэлзүйн сэтгэл гутралын шинж чанарт хүрдэггүй ба дунд зэргээр байнга сэтгэл хөдлөл буурах юм. Хоёр ба түүнээс дээш жил илрэнэ. Дистими өвчний улмаас зарим өвчтөнүүд үе үе их хүрээний сэтгэл гутралд ордог.

Сэтгэл гутралын шинж тэмдэг

  1. Гол шинж тэмдэг нь сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэн бодох чадвар удаашрах, хөдөлгөөний идэвхжил буурах зэрэг сэтгэл гутралын гурвал шинж тэмдэг юм. Сэтгэл санааны байдал муудах нь хүсэл тэмүүлэлгүй болох, урам зориггүй болох, найдваруудаа алдах, хэтийн зорилгоо алдах шинж тэмдгээр илэрч болно. Зарим тохиолдолд сэтгэл түгшилт нэмэгдэж, ийм нөхцөл байдлыг сэтгэл түгшилтийн сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Амьдрал утга учиргүй мэт санагдаж, өмнөх бүх зүйл, хүсэл сонирхол нь чухал биш болдог. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан, амиа хорлох тухай бодол төрдөг. Өвчтөнүүд бусдаас тусгаарлагдсан байдаг. Мэдрэлийн хямралын шалтгаантай сэтгэл гутралын үед өвчтөнүүд эсрэгээрээ өөрсдийн азгүйтэлд бусдыг буруутгадаг

2. Мэдрэмж, сэтгэл хөдлөлийн оронд асар том хоосон орон зай үүсдэг. Зарим өвчтөнүүд энэ мэдрэмжийг тэсвэрлэшгүй биеийн өвдөлттэй харьцуулах тохиолдол бий. Өдрийн аль нэг цагуудад сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох байдал ажиглагдана. Дотоод шалтгаант сэтгэл гутралын үед уйтгар гуниг, цөхрөлийн оргил үе нь ихэвчлэн өглөөд тохиолддог бол өдрийн 2 дахь хагаст бага зэрэг дээрддэг. Сэтгэл зүйн шалтгаант сэтгэл гутралын үед эсрэг дүр зураг ажиглагддаг: өглөө нь сэтгэл санааны байдал дээрдэж, үдээс хойш муудна.

3. Сэтгэл гутралын үед сэтгэх чадвар удаашрах нь үйлдлээ төлөвлөх, суралцах, өдөр тутмын аливаа ажлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байдаг ба мэдээллийг хүлээн авах, цээжлэх чадвар мууддаг. Өвчтөнүүдийн бодол санаа нь болхи мэт санагддаг тул аливаа сэтгэцийн хүчин чармайлт нь их хэмжээний хүч чадал шаарддаг мэт санагддаг. Сэтгэн бодох чадвар удааширч байгаа нь ярианаас нь илэрдэг – сэтгэл гутралтай өвчтөнүүд дуугаа хураана, удаан, дурамжхан, урт завсарлагатай ярьж, болж өгвөл нэг үгээр хариулахыг илүүд үздэг.

4. Хөдөлгөөний саатал нь хөдөлгөөн удаашрах, хөшүүн байдал зэргээр илэрдэг. Ихэнх тохиолдолд сэтгэл гутралтай өвчтөнүүд бараг хөдөлгөөнгүй, сууж эсвэл хэвтэж байхдаа хөшүүн байдалд ордог. Бөхийсөн, толгойгоо гудайлгасан, тохойгоороо өвдөг дээрээ тулсан зэрэг онцлог шинж чанартай суугаа байдалд ордог. Хүнд тохиолдолд, сэтгэл гутралд орсон өвчтөнүүд орноосоо босох, нүүр гараа угаах, хувцасаа солих хүчин чармайлт гаргадаггүй. Нүүрний хувирал нь нэгэн хэвийн, цөхөрсөн, хүсэл тэмүүлэлгүй, найдвараа алдсан мэт болдог.

5. Сэтгэл гутралын гурвал шинж тэмдэг нь ургал мэдрэлийн тогтолцооны эмгэг болох нойр, хоолны дуршилтай хослуулсан илэрдэг. Ургал мэдрэлийн тогтолцооны хямралын гол шинж тэмдгүүд болох өтгөн хатах, хүүхэн хараа өргөсөх, зүрхний цохилт олшрох зэрэгийг Протопоповын гурвал гэж нэрлэдэг. Сэтгэл гутралын үед арьс болон түүний дайвар эрхтэнүүд гэмтдэг ба арьс хуурайшиж, өнгөө алдаж, нүүрэн дээр үрчлээ гарч ирдэг тул өвчтөнүүд наснаасаа хөгшин харагддаг. Үс унаж, хумс хэврэг болно.

6. Сэтгэл гутралд орсон өвчтөнүүд толгой өвдөх, зүрх, үе мөч, ходоод, гэдэс өвдөж байна гэсэн зовиур хэлдэг боловч нэмэлт үзлэгээр эрхтэн тогтолцооны эмгэг илрээгүй эсвэл өвдөлтийн хүч, шинж чанарт тохирохгүй байдаг. Сэтгэл гутралын нэгэн шинж тэмдэг нь бэлгийн харилцааны хүрээнд илэрдэг юм. Бэлгийн дур хүсэл мэдэгдэхүйц буурч эсвэл огт дур хүсэлгүй болдог. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зогсох эсвэл тогтворгүй болдог, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсдэг (импотенция).

7. Сэтгэл гутралын үед хоолны дуршил буурч, жин хасагддаг. Зарим тохиолдолд эсрэгээрээ хоолны дуршил нэмэгдэж, биеийн жин нэмэгддэг. Нойрны хямралын эмгэг нь эрт үед илэрдэг шинж тэмдэг юм. Сэтгэл гутралд орсон хүмүүс өдрийн туршид нойрмоглож, амарч чадаагүй мэт мэдрэмж төрдөг. Нэг үгээр бол нойр солигдох (өдөр нь нойр хүрж, шөнө нь нойргүйддэг). Зарим өвчтөнүүд шөнийн цагаар унтдаггүй гэх зовуурь хэлдэг бол ойр дотны хүмүүс нь эсрэгээр хэлдэг- ийм зөрүүтэй байдал нь нойрны мэдрэмж алдагдаж байгааг илтгэнэ.

Сэтгэл гутралын оношилгоо, эмчилгээ

 

Сэтгэл гутрал эмчлэх арга
  • Оношийг асуумж, өвчтөний зовиур, сэтгэл гутралын түвшинг тодорхойлох тусгай сорилууд дээр үндэслэн тогтоодог. Сэтгэл гутралын гурвалсан шинж тэмдгүүдийн дор хаяж хоёр шинж тэмдэг болон гурван нэмэлт шинж тэмдэгтэй байх нь оношийн чухал ач холбогдолтой бөгөөд үүнд өөрийгөө гэм буруутай мэт бодох, гутранги үзэлтэй болсон, анхаарал төвлөрөлт суларсан, шийдвэр гаргахад хүндрэлтэй болсон, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан, нойрны хямралд орсон, хоолны дуршил буурсан, амиа хорлох бодолтой болсон г.м. Хэрэв сэтгэл гутралд орсон өвчтөнийг эрхтэн тогтолцооны өвчтэй гэж сэжиглэж байгаа бол мэдрэлийн эмч, зүрх судасны эмч, хоол боловсруулах замын эмч, үе мөчний эмч, дотоод шүүрлийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нэмэлт үзлэгт (одоо байгаа шинж тэмдгүүдээс хамаарч) илгээдэг.
  • Бага хүрээний , өвөрмөц бус, дахилтат, төрсний дараах сэтгэл гутрал болон дистимийн үед эмчилгээг ихэвчлэн амбулаторийн нөхцөлд хийдэг. Хэрэв эмгэг хүндэрсэн бол эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Эмчилгээний төлөвлөгөөг сэтгэл гутралын хэлбэр, зэргээс хамааран дангаар нь хийдэг бөгөөд зөвхөн сэтгэл засал эмчилгээ эсвэл сэтгэл засал эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг. Антидепрессантууд (анти- эсрэг, депресс- сэтгэл гутрал) буюу сэтгэл гутралын эсрэг эм нь эмийн эмчилгээний гол үндэс болдог. Нойрмоглох үед сэргээх нөлөөтэй антидепрессантуудыг, харин түгшилттэй сэтгэл гутралын үед тайвшруулах эм хэрэглэдэг.
  • Антидепрессантуудад үзүүлэх хариу урвал нь сэтгэл гутралын хэлбэр, хүндрэл, өвчтөний хувь хүний онцлогоос хамаарна. Эмийн эмчилгээний эхний үе шатанд сэтгэл зүйч болон сэтгэл засалч эмч нар заримдаа антидепрессант эм хангалттай нөлөө үзүүлэхгүй эсвэл тодорхой гаж нөлөөний улмаас эмийг өөрчлөх шаардлагатай болдог. Сэтгэл гутралын шинж тэмдэг нь антидепрессант эмчилгээ эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа буурч эхэлдэг тул эмчилгээний эхний үе шатанд өвчтөнүүдэд ихэвчлэн тайвшруулах эмийг бичиж өгдөг. Тайвшруулах эмийг 2-4 долоо хоногийн хугацаатай хэрэглэнэ, харин антидепрессант эмийг хэрэглэх хамгийн бага хугацаа нь хэдэн сар байна.
  • Сэтгэл гутралын эмчилгээнд хувь хүний, гэр бүлийн, хэсэг бүлгийн эмчилгээнүүд орно. Рационал эмчилгээ, ховс буюу гипноз эмчилгээ, гештальт эмчилгээ, арт буюу урлаг эмчилгээ гэх мэтийг ашигладаг. Сэтгэл заслын эмчилгээг бусад эмийн бус эмчилгээний аргуудаар нөхөн хийдэг. Өвчтөнүүдэд дасгал эмчилгээ, физик эмчилгээ, зүү эмчилгээ, массаж буюу бариа заслын эмчилгээ, үнэрт эмчилгээ буюу арома терапи хийнэ. Улирлын чанартай сэтгэл гутралыг эмчлэхэд гэрлийн эмчилгээг хэрэглэснээр сайн үр дүнд хүрдэг. Тэсвэртэй (эмчилдэггүй) сэтгэл гутралд зарим тохиолдолд цахилгаан цочроох эмчилгээ, нойр таслах эмчилгээг хийнэ.
  • Өвчний тавилан нь сэтгэл гутралын төрөл, хүндрэл, шалтгаанаар тодорхойлогддог. Реактив буюу дахилтат сэтгэл гутрал нь ихэвчлэн эмчилгээ сайн авдаг. Мэдрэлийн хямралын шалтгаантай сэтгэл гутрал нь удаан ба архаг явцтай байх хандлагатай харин дотоод шалтгаант буюу эндоген сэтгэл гутрал нь эмийн бус эмчилгээнд тааруу хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд эмийг зөв сонгосноор хурдан эдгэрдэг байна.